Германы Холбооны сүлжээний агентлаг (BNetzA) батерейн хуримтлуурыг цахилгааны зах зээлд оролцуулах нөхцөлийг хялбарчилсан MiSpeL нэртэй шинэ журам баталлаа. Журмын дагуу гэр, аж ахуйн нэгжийн батерей болон цахилгаан машинууд сүлжээнээс цахилгаан авч, эргүүлэн сүлжээ рүү нийлүүлэх боломжтой болж байна.
Өмнө нь зөвхөн сэргээгдэх эх үүсвэрийн цахилгааныг хадгалдаг системүүд дэмжлэг авдаг байсан бол нүүрс, хий зэрэг холимог эх үүсвэртэй сүлжээнээс цэнэглэдэг батерейнүүд өндөр хураамж төлж, урамшууллаас хасагддаг байв. Шинэ журмаар сэргээгдэх эрчим хүчний хадгалалтын дэмжлэг хэвээр хадгалагдахаас гадна сүлжээний цахилгааныг хадгалах батерейнүүдийн хураамж, сүлжээний төлбөр буурна. Мөн цахилгаан машин зогсож байх хугацаандаа сүлжээнд цахилгаан борлуулах хоёр чиглэлтэй цэнэглэлт илүү хялбар болно.
Гэвч автомашин үйлдвэрлэгчид, эрчим хүчний компаниуд дүрэм хэт төвөгтэй хэвээр байгаа бөгөөд ухаалаг тоолуур, төрийн дэмжлэгийн дүрэм зэрэг техник, эдийн засаг, үйл ажиллагааны томоохон саад бэрхшээл зах зээлд нэвтрэхийг удаашруулж болзошгүй гэж анхааруулж байна. Тогтворгүй сэргээгдэх эрчим хүчинд улам их тулгуурлах Германы хувьд уян хатан хэрэглээ, хадгалалт сүлжээний тогтвортой байдлын гол түлхүүр юм.
Эх сурвалж: Clean Energy Wire
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй