Хайх

АНУ-ын батарей хуримтлуур 2026 онд түүхэн дээд амжилтад хүрнэ

  • Хуваалцах:
АНУ-ын батарей хуримтлуур 2026 онд түүхэн дээд амжилтад хүрнэ

АНУ-ын нарны болон салхин эрчим хүчний хурдацтай өсөлт, мөн зохиомол оюун ухааны (AI) дата төвүүдийн эрчим хүчний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор батарейн эрчим хүч хуримтлуулах системийн (BESS) байгуулалт 2026 онд түүхэн дээд түвшинд хүрч байна.

 

SEIA болон Benchmark Mineral Intelligence-ийн тооцоолсноор 2026 оны 2-р улиралд ганцхан улиралд 20.2 ГВт.цаг батарей хүчин чадал шинээр ашиглалтад орсон бөгөөд бүтэн жилийн хэмжээгээр 71 ГВт.цагт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх бүх дээд амжилтыг эвдэх үзүүлэлт юм.

 

Мужуудын хувьд Калифорни 62 ГВт.цаг, Техас 33.1 ГВт.цаг хуримтлагдсан хүчин чадлаараа тэргүүлж байгаа бол Аризона муж 2-р улиралд дангаараа 6.2 ГВт.цаг байгуулж, улсын түүхэн дэх аль ч мужийн хамгийн хүчтэй улирал болжээ.

 

Сүүлийн 18 сарын хугацаанд АНУ-ын нийт батарей хуримтлуурын хүчин чадал 88 ГВт.цагаас 165 ГВт.цаг болж бараг хоёр дахин өссөн байна. Энэ өсөлтийг голлон түлхэж буй хүчин зүйл бол нарны эрчим хүчний станцуудын хурдацтай баригдалт, мөн AI дата төвүүд цахилгаан хангамжийн найдвартай байдал, ачааллын менежментэд батарейг улам бүр ашиглаж эхэлсэн явдал юм.

 

Хятадаас импортлодог тоног төхөөрөмжид ногдуулсан гаалийн татвар, татварын хөнгөлөлтийн хязгаарлалт үйлдвэрлэгчдэд сорилт учруулж байгаа ч Огайо, Теннесси, Техас зэрэг мужуудад дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал өргөжиж байна.

 

Түүнчлэн 2026 оны 1-р улиралд ойролцоогоор 10 ГВт.цаг/6.77 ГВт хүчин чадал шинээр ашиглалтад орж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32%-иар өссөн байна. Сонирхолтой нь Google компани Form Energy-гээс 30 ГВт.цаг төмөр-агаарын (iron-air) батарей, Meta компани Noon Energy-гээс 100 ГВт.цагийн хатуу оксидын түлшний элемент (solid oxide fuel cell) захиалсан нь литий-ионоос гадна олон хоногийн турш ажиллах чадвартай хуримтлуурын технологи руу анхаарал хандаж эхэлснийг харуулж байна.

 

Эрчим хүч хуримтлуулах салбарын энэ хурдацтай өсөлт нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий даяар BESS технологийн ач холбогдол, хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байгааг илтгэж байна.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй