Хайх

Energy Dome: нүүрсхүчлийн хийгээр ажилладаг "батерей" дэлхийг тойрон тархаж байна

  • Хуваалцах:
Energy Dome: нүүрсхүчлийн хийгээр ажилладаг "батерей" дэлхийг тойрон тархаж байна

MIT Technology Review сэтгүүл 2026 онд анхаарах уур амьсгалын технологийн компаниудын жагсаалтдаа Италийн Миланд төвтэй Energy Dome компанийг оруулжээ. Тус компани цахилгаан илүүдэлтэй үед нүүрсхүчлийн хий (CO2)-г шахаж шингэн болгон ган саванд хадгалж, шахалтын явцад үүссэн дулааныг тусад нь хуримтлуулдаг. Цахилгаан хэрэгтэй үед хадгалсан дулаанаар шингэн CO2-ыг халааж хий болгон, турбинаар дамжуулж цахилгаан үйлдвэрлэдэг.

Системийн эргэлтийн үр ашиг 70 хувь орчим бөгөөд 24 цаг хүртэл тасралтгүй цахилгаан гаргах чадвартай. Компанийн тооцоолсноор 8 цагийн хадгалалтын хувьд лити-ион батерейгаас 10-15 хувь хямд. Хийг хадгалдаг том уян бөмбөгөр нь долоон хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй бөгөөд нэг станцад 2,000 орчим тонн CO2 ашигладаг. Анхны арилжааны станц 2025 онд Италийн Сардини арал дээр 200 МВт·цагийн багтаамжтайгаар ашиглалтад орсон.

Energy Dome одоогоор таван тивд нийт 30 ГВт·цагийн төслийн багцтай бөгөөд Google компанитай хамтран Ирландад 2028 онд ашиглалтад орох 200 МВт·цагийн станц барихаар болжээ. Компрессор, сав зэрэг зах зээлд бэлэн тоног төхөөрөмж ашигладаг тул гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дотор станц ашиглалтад оруулах боломжтой аж.

Эх сурвалж: MIT Technology Review

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй