Швейцарийн эрчим хүчний том компани Axpo болон бүс нутгийн energieUri хамтран Урийн (Uri) кантоны Гуртнеллен тосгоны Plattischachen хэсэгт барьсан 58.4 МВт нийт хүчин чадалтай батерейн эрчим хүчний хадгалалтын станц (BESS)-аа ашиглалтад оруулаад байна. Энэ нь Швейцарийн түүхэн дэх хамгийн том, идэвхтэй ажиллагаатай батерейн станц гэж тооцогдож байна.
Төслийг хоёр хэсэгт хуваан барьсан: Axpo компани 50 МВт хүчин чадалтай, харин орон нутгийн energieUri компани 8.4 МВт хүчин чадалтай батерейн системийг тус тусдаа босгож, ижил үйлдвэрлэлийн талбайд байрлуулсан байна. Системийн интеграцийг Fluence компани хийж гүйцэтгэсэн бол Axpo-гийн охин компани CKW сүлжээнд холбох ажлыг energieUri-тэй хамтран гүйцэтгэлээ.
Станц нь үндэсний цахилгаан дамжуулах сүлжээний дэд станц болон energieUri-гийн Arniberg усан цахилгаан станцын хажууд байрладаг бөгөөд илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалж, эрэлт өндөр цагт нийлүүлэх замаар сүлжээний уян хатан чадварыг сайжруулах зорилготой. Орон нутгийн эрх баригчид Plattischachen хэсгийг “үндэсний ач холбогдол бүхий эрчим хүчний төв” болгон хөгжүүлж байгааг тэмдэглэжээ.
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй