Хайх

Литийн ион батерей хэрхэн ажилладаг вэ?

  • Хуваалцах:
Литийн ион батерей хэрхэн ажилладаг вэ?

Литийн ион батерей нь өнөөдөр гар утаснаас эхлээд цахилгаан машин, эрчим хүчний сүлжээний томоохон хадгалалтын станц хүртэл өргөн хэрэглэгддэг эрчим хүчний эх үүсвэр юм. Энэ хичээлээр литийн ион батерей дотооддоо хэрхэн ажилладагийг энгийн байдлаар тайлбарлая.

Батерейн үндсэн бүтэц

Литийн ион батерей нь дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг: эерэг электрод буюу катод (litium metal oxide-оор хийгддэг), сөрөг электрод буюу анод (ихэвчлэн графитаар хийгддэг), электролит (ионуудыг дамжуулдаг шингэн орчин) болон сепаратор (анод, катодыг тусгаарлаж, богино холболтоос сэргийлдэг нимгэн мембран).

Цэнэглэх, ашиглах үеийн процесс

Батерейг цэнэглэж байх үед литийн ионууд катодоос гарч, электролитоор дамжин анод руу шилжиж, тэнд хуримтлагддаг. Харин батерейг ашиглаж байх үед (гар утас, машин ажиллаж байх үед) эсрэгээрээ литийн ионууд анодоос катод руу буцаж шилждэг бөгөөд энэ шилжилтийн явцад чөлөөлөгдсөн электронууд гадаад хэлхээгээр дамжин урсаж, цахилгаан гүйдэл үүсгэдэг.

Литийн ион батерейн давуу тал

Литийн ион батерей нь өөр төрлийн батерейнуудтай харьцуулахад жин багатай хэрнээ илүү их энерги хадгалах чадвартай (өндөр энергийн нягтралтай), удаан хугацаагаар ашиглах боломжтой (олон удаа цэнэглэх боломжтой), мөн "санах ойн эффект" гэж нэрлэгддэг чадавхи буурах үзэгдэлд бага өртдөг зэрэг давуу талуудтай.

Аюулгүй байдал ба менежментийн систем

Литийн ион батерей хэт халах, хэт цэнэглэгдэх зэрэг тохиолдолд гал авалцах эрсдэлтэй тул орчин үеийн батерей бүр Батерей Менежментийн Систем (BMS) гэж нэрлэгддэг цахим хяналтын системтэй ажилладаг. Энэ систем нь хүчдэл, температур, гүйдлийг байнга хянаж, аюулгүй ажиллагааг хангадаг.

Дахин боловсруулалтын сорилт

Литийн ион батерейн хэрэглээ огцом өсөхийн хэрээр ашиглагдсан батерейг дахин боловсруулах, доторх литий, кобальт, никель зэрэг үнэт металлыг сэргээн авах технологийг сайжруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ чиглэлийн технологи хөгжихийн хэрээр батерейн салбарын экологийн ул мөрийг бууруулах боломжтой болно.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй