Цөмийн эрчим хүчний станц нь уран зэрэг хүнд элементийн атомын цөмийг задлах (fission) урвалаас ялгарах дулааны энергийг ашиглан ус буцалгаж, уурын турбин эргүүлж, цахилгаан үүсгэдэг юм. Ажиллах явцад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал бараг байдаггүй тул цэвэр эрчим хүчний нэг төрөл гэж тооцогддог.
Сүүлийн үед зохиомол оюун ухааны (AI) дата төвүүдийн эрчим хүчний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор нарны, салхин, батарей хуримтлуурын хажуугаар цөмийн эрчим хүчийг тогтвортой, тасралтгүй ажилладаг эх үүсвэр болгон дахин анхаарч эхэллээ. Сэргээгдэх эрчим хүч нар, салхинаас хамааралтай тул түүнийг нөхөх найдвартай эх үүсвэр хэрэгтэй болж байгаа юм.
Уламжлалт том цөмийн станцын барилгын зардал өндөр, хугацаа урт байдгаас “жижиг модуль реактор” (Small Modular Reactor - SMR) гэдэг шинэ технологи эрчимтэй хөгжиж байна. Эдгээр нь үйлдвэрт угсарч, талбайд байрлуулах боломжтой тул зардал, хугацааг эрс багасгах зорилготой бөгөөд NuScale, Kairos Power, X-energy зэрэг компаниууд АНУ-д туршилтын төслүүдээ хэрэгжүүлж байна.
Гэсэн хэдийгээр цөмийн эрчим хүч нь өндөр эхний хөрөнгө оруулалт, урт хугацааны барилгын явц, радиоактив хог хаягдалыг аюулгүй хадгалах шаардлага зэрэг сорилттой хэвээр байна. Чернобыль, Фукусимагийн ослын дурсамж олон нийтийн дунд болгоомжлол төрүүлсээр байгаа ч орчин үеийн реакторын аюулгүй байдлын түвшин эрс сайжирсан гэж мэргэжилтнүүд үздэг.
Иймд цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурыг орлох бус, тэдгээрийг нөхөж, эрчим хүчний системийг тогтвортой байлгах нэг элемент гэж үзэх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй